Чийрэгжүүлэх гүйлт юуны өмнө хүнд таашаал, кайф өгч байх ёстой. Кайф өгөхгүй байгаа зүйлээр өөрийгөө албадлаа албадлаа гэхэд эрүүл мэнддээ сайн нөлөө үзүүлж эхлэх хүртэл хангалттай удаан хичээллэх нь юу л бол. Чийрэгжүүлэх гүйлтээр хичээллэхэд ямар хорио, цээр байхгүй атлаа кайф өгөхгүй байгаа бол ачааллаа зөв тохируулж чадахгүй байгаа хэрэг. Манай найз Бат тэдэн км гүйдэг юм чинь би заавал адил км гүйнэ гэж өөрийгөө зовоох нь зөөлөн хэлэхэд тэнэг хэрэг. Зарим хүний хувьд хүнд ачаалал болох гүйлт нь өөр нэгний хувьд зүгээр л бие халаалт төдий байх нь цөөнгүй.
Газар сонголт
Чийрэгжүүлэх гүйлтээс кайф авахад газар сонголт чухал үүрэгтэй.
Гадаа, эрүүл агаарт гүйх нь юуны өмнө ямар ч үнэ төлбөргүй. Гадаа гүйхдээ тэгш, халтиргаагүй, шороон замаар гүйх нь хамгийн тохиромжтой ч, өөр сонголт байхгүй үед засмал замаар гүйсэн ч болно. Онхол донхол, чулуу ихтэй замаар гүйх үед хөлний үе, тавхайнд илүү ачаалал ирэхээс гадна яавал уначихгүй байх вэ гэдэгт хамаг анхаарлаа хандуулсаар юун кайфтай мантай болно. Гэхдээ хэт халуун, эсвэл хэт хүйтэн, агаарын бохирдол ихтэй үед гадаа гүйхгүй байсан нь дээр.
Зааланд гүйх нь төлбөр шаардагддаг ч биенд өгөх ачаалал, авах таашааллын хувьд гадаа гүйхээс ямар ч ялгаагүй. Орчин үед гүйлтийн хурд, туулах зам, өгсүү уруу гээд гадаа гүйхэд таардаг бүх л нөхцлийг орлуулж чаддаг олон тооны төхөөрөмжүүд бие болсон. Гүйлтийн замыг сонгохдоо хамгийн үнэтэй, эсвэл хамгийн хямд гэлгүйгээр биед тань шаардлагатай ачааллыг өгч чадах эсэхийг нь хамгийн түрүүнд анхаарах хэрэгтэй. Улаанбаатарт агаарын бохирдол нь дэнддэг оргил үе нь өвөл. Иймд өвлийн цагаар зааланд гүйлтээр хичээллэх нь хамгийн тохиромжтой.
Бие халаалт
Бие халаалт нь булчин, шөрмөс, холбоос, үений цусны эргэлтийг эрчимжүүлснээр гэмтлээс урьдчилан сэргийлж байдаг болохоор бүх төрлийн биеийн ачаалал, тэдгээрийн дотор гүйлтээр хичээллэж эхлэхээс өмнө зайлшгүй гүйцэтгэгдэж байх ёстой юм. Бие халаалтын үед биеийн дулаан 0,8-1,1 хэмээр нэмэгдэснээр булчин, шөрмөс нь илүү уян хатан болж, үе хоорондын үрэлт багасгагч шингэний ялгаралт нэмэгдэн, мэдрэлийн импульсийн булчин хүрэх хугацаа богино болдог.
Гүйлтийн өмнө дараах бие халаалтыг хийж болно, үүнд:
- гараа эрчимтэй хөдөлгөн минут хурдан алхалах. 2-3 минут
- өсгий өлмий холбосон алхалт. 30-60 сек
- галуун цуваагаар явах. 30-60 сек
- гараа эргүүлэх, дээш доош нь угзрах зэргээр эрчимтэй хөдөлгөн алхах. 1-2 минут
- сууж босох. 10-50 удаа
- урагш алхалт хийж сунгалт хийх. 15-30 секунд
- мод, эсвэл ханыг нэг гараараа түшээд нэг хөлөө нугалан нугалсан хөлийнхөө шагайнаас нөгөө гараараа бариад гуяыг арагш болгохтой зэрэгцэн өсгийг өгзөгний зүг татах. 1-2 минут
- хөлөндөө мөрний хэмжээтэй зай аваад тонгойх. 20-30 секунд
- зүүн гарыг сарвуу нь хүзүүний орчим иртэл нь тохойгоор нь нугалаад баруун гараар тохойноос нь атган баруун тийш татаад, гараа солих. 20-30 секунд
- цэх зогсоод өвдгөө нугалалгүйгээр тонгойн хурууны үзүүр, нударга, гарын араар газар хүрэхийг хичээх
- хоёр гараа нурууныхаа ард түгжээд савалсан хөдөлгөөнөөр аль болох дээш нь өргөх. 15-20 секунд
- хурдан алхалах. 1-2 минут
- хурдан алхаа нь аамжаар удаан гүйлт болж, яваандаа өөрт тохирсон темптэйгээр гүйж эхэлснээр чийрэгжүүлэх гүйлт эхэлнэ
- бие халаалтын үргэлжлэх нийт хугацаа нь 5-15 минут байна.
